Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2024 оны 10 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал хийж байна. Энэ айлчлал нь хоёр улсын хоорондын харилцааг хөгжүүлэх, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Энэхүү айлчлалын хүрээнд өнөөдөр МҮХАҮТ-ын их танхимд "Монгол-Казахстаны хамтарсан ажил хэргийн зөвлөл"-ийн анхдугаар хуралдаан боллоо. Хуралдааны нээлтэд Казахстан Улсын Цахим хөгжлийн сайд Ж. Мадиев, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Казахстаны Гадаад худалдааны танхимын дарга М. Р. Каримсаков, Хөрөнгө оруулалт, худалдааны газрын дарга В. Энхбаатар, Казахстан Улсын Гадаад харилцааны яамны Хөрөнгө оруулалтын хорооны дарга Г. Оспанкулов нар үг хэллээ. Тэд хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, шинэ бизнесийн боломжуудыг нээх талаар ярилцаж, хоёр улсын хөрөнгө оруулалт, худалдаа түншлэлийн талаар санал солилцлоо.
Хуралдааны гол зорилго нь Монгол, Казахстаны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнесийн харилцааг гүнзгийрүүлэх явдал юм. Казахстан нь хөдөө аж ахуй, хүнс, гадаад худалдаа, хөнгөн үйлдвэрлэл зэрэг салбарт хөгжиж буй зах зээл бөгөөд энэ хуралдаан нь Казахстан болон Монголын ААН-үүд хоорондын В2В уулзалт зохион байгуулах боломжийг олгож байна. Тус хуралдаан нь хамтран ажиллах чиглэлүүдийг тодорхойлоход чухал алхам болж байгаа бөгөөд хоёр орны бизнесийн төлөөлөгчид хоорондоо туршлагаа хуваалцах, шинэ боломжуудыг нээхэд чиглэсэн саналуудаа илэрхийлж байна.
Энэхүү хуралдаан нь бизнесийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, хоёр улсын эдийн засгийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой бөгөөд Монгол, Казахстаны харилцааг шинэ шатанд гаргах зорилготой юм.